ЭРГҮНЭ КУНГИЙН ДОМОГ


...Барагцаалбал, хоёр мянган жилийн тэртээ эрт цагт монгол хэмээн нэрийдэж агсан тэр аймаг бусад түрэг аймагтай зөрчил тэмцээн болж, тэр нь дайн тулаанаар төгсчээ. Бусад аймаг нь монголчуудыг ялан дарж, хядахад нь хошоод эр эмээс илүүгүй хүн амьд үлдсэн хэмээн хүндэт итгэмжтэй хүмүүсийн ярьдаг өгүүлэл буй. Тэр хоёр өрх айл дайснаас айн, тийшээ нэвтрэн очиход бэрх бартаатай ганц нарийн зөргөөс өөр хаанаасаа ч орох замгүй уул хад, их ой хүрээлсэн хэцүү газарт очжээ. Тэр уул хадны дундуур элбэг өвстэй эрүүл тал газар байжээ. Тэр газрын нэр нь Эргүнэ-Кун, Кун нь хэвгий уулс, эргүнэ нь эгч гэсэн утгатай, өөрөөр хэлбэл эгц нуруу болой. Тэр хоёр хүний нэр нь Нукуз, Киян байжээ. Тэр хоёр, тэдний удам олон он жилд тэр газраа сууж, өнөржин үржжээ...

Угсаатны гарвал нь Эргүнэ-Кунд очсон тэр хоёр хүнээс эхэн авсан нь мэдээж билээ... төрж олширсоор тэдний овог олон болжээ... Чингээд тэнгэр тэтгэсэн учир дөрвөн зуугаад жил болоход тэд нар олон салбар болоод, тоогоороо бусад (угсаатнаасаа) давамгайлжээ... Тэр угсаатан (монголчууд) нь тэр улс, ойн дунд үржин өнөржөөд газрын зай нь давчдан хүрэлцэхгүй болохоор тэр сүрхий хавцал, уулсын давчуу сүвээс ямар сайн арга, хялбар замаар гарахыг бие биенээсээ зөвшин асуулджээ. Чингээд тэд төмөр байнга хайлуулдаг байсан төмрийн хүдрийн орд нэгэн газрыг олцгоожээ. Тэд бүгдээр цуглаж, ойд их түлээ зэхэж, бүхэл бүтэн тулмаар нүүрс бэлтгэж далан морь, шар нядалж, ширий нь бүхэл өвчин, төмөрчний хөөрөг хийгээд, түлээ нүүрсийг тэр хэвгий уулын хормойд зэрэглэж, далан хөөргөөр уулын бэлийг хайлан урстал нэгэн зэрэг хөөрөгдөж байхаар зэхжээ. Тэгээд хэмжээлшгүй их төмөр авч, уулын сүвийг онгойлгожээ. Тэд нар хавцлаас цөм цуг нүүдэллэж уудам тал газар гарцгаажээ. Киянаас удамт гол салбар аймаг хөөрөгдсөн гэлцдэг юм. Мөн Нукуз нэрээр алдаршсан аймаг, тэдний салбаруудад хамаарагдах урянкад хөөрөгдөлцжээ. Бусад хэдэн аймаг хөөрөгдөлцсөн болох хэмээн мэрийдэг боловч, дээр өгүүлсэн аймгууд зөвшөөрдөггүй, харин өчнөөн салбараас бүрэлдсэн Кунгирад аймаг, мөн тэрчлэн Эргүнэ-Кунд Нукуз, Киян хоёроос удамласан аймаг нь зөвшин хэлэлцэлгүйгээр бусдаасаа түрүүлэн, нөгөө бусад аймгийнхаа голомтыг гишгэлэн (хавцлаас) гарсан гэж батлан хэлдэг байсан амой.

"ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ДОМОГ ОРШВОЙ (Улаанбаатар хот 1992)" номын хэсгээс.......

Comments