ТАНЬШИХУАЙН ДОМОГ



...Сяньби улс (Сүмбэ улс)-ын төрийг үндэслэгч Таньшихуай 136 онд Сяньбийн цэргийн захирагч Тулухоугийн гэрт төржээ.

Таньшихуайгийн төрсөн тухай домогт өгүүлэхдээ: Тулухоуг Хүннүгийн цэрэгт алба хаан гурван жил явсан хойгуур хатан нь нэгэн хүү төрүүлсэн байв. Тулухоу цэргийн албанаас буцаж ирээд үүнийг мэдэж хүүг алахыг завдсан боловч хатан нь ятган болиулж <<нэгэн өдөр би гадаа явж байтал тэнгэр дуугарч тэр дуунаар цочин дээш хартал миний аманд ганц ширхэг мөндөр гулсан орсон. Түүнийг хайлуулан залгиснаас хойш удалгүй бие шалтагтай болж арван сарын дараа энэ хүүг төрүүлсэн билээ. Энэ хүүг өсгөн хүмүүжүүлбэл алсдаа ер бусын хүмүүн болох бусуу>> хэмээн өгүүлжээ. Тулухоу алахыг больсон боловч түүнийг ад шоо үзэн өөрийн хүүд эс тооцжээ. Гэвч хатан нь хүүг асарч хамгаалахыг зарц нартаа нууцаар тушааж Таньшихуай хэмээх нэр хайрласан гэдэг. Таньшихуай багаасаа цэргийн эрдэмд гарамгай суралцаж 14-15 насандаа үе тэнгийнхнээсээ биеийн хөгжил, эр зориг, сэргэлэн цовоогоороо ялгагдаж байжээ. Нэгэн удаа гэрийнх нь үхэр малыг өөр аймгийн толгойлогч булаан явахад Таньшихуай ганцаараа морьтой хөөн очиж тэмцэлдэн дийлээд булаалгасан зүйлээ цөмийг нь эргүүлэн авчирснаас хойш нэр хүнд нь ихэд өсөж хөгшин залуугүй түүнийг магтаж хүндэтгэх болжээ.

"ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ДОМОГ ОРШВОЙ (Улаанбаатар хот 1992)" номын хэсгээс.......

Comments