СТЕНФОРДЫН ЗӨӨЛӨН ЧИХРИЙН ТУРШИЛТ




Стенфордын зөөлийн чихрийн туршилт нь Стенфордын их сургуулийн профессор, сэтгэл судлаач Уолтер Мишелийн удирдсан 1972 онд сэтгэл ханамжаа хойшлуулах талаар хийсэн судалгаа юм.

Туршилтанд 4-6 насны 16 эрэгтэй, 16 эмэгтэй гээд нийт 32 хүүхэд хамрагдсан байна. Хүүхдүүдийг ширээ сандалаас өөр сатаарах зүйлгүй өрөөнд оруулан урд нь нэг зөөлөн чихэр тавиад 15 минут энэхүү чихрийг идэлгүй хүлээж чадвал 15 минутын эцэст чамд дахиад нэг чихэр өгнө гэж тайлбарлаад хаалгыг нь хаагаад гарчээ.

Судалгаанд хамрагдсан 3 хүүхэд дутмын хоёр нь чихрийг өгсөн даруйд эсвэл 2, 3 минут хамгийн ихдээ 14 минут 30 секунд хүлээгээд зөөлөн чихрийг идсэн байна. Үлдсэн нэг нь (3 хүүхэд дутмын нэг) 15 минут хүлээн 15 минутын эцэст 2 зөөлөн чихэр идсэн байна.


Судлаач маань анх туршилтанд орсон хүүхдүүдээ 14 жилийн дараа насанд хүрсэн нь хойно нь ахин судлаад маш тодорхой хэрнээ гайхалтай үр дүнг олж харсан байна. Энэ юу вэ гэхээр, идэлгүй хүлээсэн хүүхдүүд 100% их дээд сургуулийн шалгалтыг амжилттай өгч, зорьсон мэргэжлээрээ сурч байсан бөгөөд өөртөө итгэлтэй, анхаарал сайтай, илүү найдвартай болох нь ажиглагджээ.

Түүнчлэн сүүлд хийсэн судалгаагаар хүслээ тэвчиж чадсан хүүхдүүдийн IQ нь хүслээ тэвчиж чадаагүй хүүхдүүдийнхтэй харьцуулбал харьцангуй өндөр байгаа нь ажиглагджээ.

Биеэ барих энэхүү чадварын ялгаа нь зөвхөн их дээд сургуульд орох шалгалтаар зогсохгүй нийгэмтэйгээ харьцах ур дүй, танин мэдэх чадвар, шийдвэр гаргалт зэрэгтэй шууд холбогдож байсан төдийгүй эм, хорт бодисийн хэрэглээтэй хүртэл холбоо уялдаатай нь ажиглагддаг байна. Мөн та хүсвэл гэртээ энэхүү туршилтыг хийж болох юм.

ЗӨӨЛӨН ЧИХРИЙН ТЕСТИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ? 

Нэг өрөө бэлтгэнэ. Өрөөнд ширээ сандалнаас өөр сатаарах зүйл байхгүй байвал сайн. Дээрх тестийг хийсэн судлаачид нэвт харагддаг тольны цаанаас хүүхдүүдийг ажиглаж байсан ч гэрийн нөхцөлд өрөөний буланд камер байрлуулан бичлэг хийж болно.

Хүүхэддээ дүрмийг тайлбарлана:

Нэг зөөлөн чихэр (зөөлөн чихэр байх албагүй, өөрийнх нь хамгийн дуртай чихэр жимс зэргээр орлуулж болно.) өгөөд намайг иртэл идээгүй тохиолдолд дахиад нэгийг өгнө. Мэдээж хүлээлгүй идэж бас болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүсвэл хүлээх цагийг багасган 5-10 минут болгож болно.

Хүүхдээ өрөөнд орхиод гарна.

Хүлээнэ.

Тогтоосон хугацаагаа дуусахлаар хүүхдээ шалгана. Хүүхэд тань зөөлөн чихрийг идээгүй байвал дахин нэгээр шагнаад хоёуланг нь "хүссэнээрээ" идэх зөвшөөрөл олгоорой. Тэвчээртэй хүлээсэн тэднээр бахархаж буйгаа хэлээрэй. Хэрэв зөөлөн чихрийг таны эзгүйд идсэн байвал тэвчээрийн талаар багахан яриа хийж болно.

Бичлэг хийсэн бол таныг эзгүйд хүүхдийнхээ хэрхэн аашилсаныг үзэж, хүүхдээ том болохоор нь үзүүлж болно.

Эцэст нь хүүхэд тань идсэн тохиолдолд 2 дахийг "өгч болохгүй" бөгөөд энэ нь хүүхэд тань таныг үгүй гэсэн ч хийж болдог гэсэн дүгнэлтэнд хүргэх болно.

Comments